Tuesday, February 8, 2011

06-ААС ӨМНӨХ КОДТОЙ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

HW06 болон түүнээс өмнө элссэн оюутнууд энэ хичээлийн жилийн хаврын улиралд багтаж төгсөхгүй бол ирэх намрын хичээлийн жилээс эхлэн хичээлийн шинэ төлөвлөгөөг баримтлана. Энэ тохиолдолд 128 кредит хичээл үзэх шаардлагатай болно. КТХПрофессорын багаас HW06 кодтой оюутнууд улсын шалгалт өгөх бол төсөл, төгсөлт хамт сонгох эрх олгож байна.

ТӨГСӨЛТ - БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ДИПЛОМЫН ТӨСӨЛ, АЖИЛ ХАМГААЛАХ, ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ЖУРАМ


Энэхүү журам нь ШУТИС-ийн төгсөгч оюутнуудын диплом хамгаалах болон шалгалт өгөх төгсөлтийг зохицуулсан журам юм. Төгсөгч оюутнууд бүрэн уншиж танилцана уу. 


БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ДИПЛОМЫН ТӨСӨЛ, АЖИЛ ХАМГААЛАХ, ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ЖУРАМ
Нэг.   Нийтлэг үндэслэл
1.1.      Монгол Улсын ШУТИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар энэхүү журмыг баримтлан, сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд төгсөх оюутны дипломын төсөл, ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтыг их сургуулийн хэмжээнд удирдлагаар ханган зохион байгуулна.
1.2.      Мэргэжилтэн бэлтгэж буй холбогдох салбар, нэгжүүд дипломын төсөл, ажлын агуулга, хэмжээ, төгсөлтийн шалгалтанд тавигдах үндсэн шаардлагуудыг тусгасан зааврыг боловсруулан, ШУТИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газартай зөвшилцсөний дараа өөрийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулан батлуулж мөрдөнө.
Хоёр. Төгсөх оюутны бүртгэл
2.1.      Бүрэлдэхүүн, харъяа сургуулийн сургалтын алба доорхи шаардлага хангасан оюутныг төгсөх оюутнаар бүртгэнэ. Үүнд:
-       Мэргэжлийн дипломтой төгсөх оюутан 90-ээс багагүй кредит, бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан сургалтын төлөвлөгөөнд тусгасан, авбал зохих кредитийг бүрэн цуглуулсан байна.
2.2.      Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутан суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 2.5 ба түүнээс дээш бол төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажлын аль нэгийг сонгож гүйцэтгэх, 2.5-аас бага бол төгсөлтийн шалгалт өгнө.
2.3.      Мэргэжлийн онцлог, бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнд тавигдах шаардлагыг харгалзан зарим мэргэжлээр төгсөлтийн шалгалт авахгүй, зөвхөн дипломын төсөл, ажил хамгаалуулан төгсгөж болно. Энэ тохиолдолд бүрэлдэхүүн ба харъяа сургуулиуд эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн, холбогдох саналаа Сургалтын Бодлого Зохицуулалтын Газарт ирүүлсэн байна.
2.4.      Оюутан нь дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагчаа харъяалагдах багийн тэргүүлэх профессортой тохирч тодорхойлсон байна.
2.5.      Оюутан нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дипломын төсөл, ажил, төгсөлтийн шалгалтын кредитийн төлбөрийг төлсөн байна.
2.6.      Төгсөх оюутны код, эцэг/эхийн нэр, дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагч багшийн нэр, зөвлөх нарын нэрс, төгсөлтийн шалгалт өгөх, дипломын төсөл, ажил хамгаалах хугацааг тодорхойлсон тушаалыг харъяа профессорын багууд төлөвлөж бүрэлдэхүүн, харъяа сургуулийн Сургалтын Албанд хүргэнэ.
2.7.      Тухайн улиралд бакалаврын зэрэгтэй төгсөхөөр бүртгүүлсэн төгсөгч оюутан нь төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажлаас гадна 10 хүртэлх кредитийн хичээл сонгож үзэх эрхтэй бөгөөд үүнээс кредит шууд тооцох шалгалт өгөх болзол хангасан тохиолдолд (“Оюутны мэдлэгийг үнэлэх журам”-ын 3.1 заалт) 1 хичээлийн шалгалтыг шууд өгч болно.
Гурав.          Хамгаалалтанд орох оюутанд тавигдах шаардлага
3.1.      Мэргэжлийн дипломтой төгсөх оюутан төгсөлтийн шалгалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • оюутны цуглуулсан кредит 90-ээс багагүй байх
3.2.      Бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан нь төгсөлтийн шалгалт өгөх, дипломын төсөл, ажил хамгаалалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан, оюутны авбал зохих кредитийг бүрэн цуглуулсан байх
  • дипломын төсөл, ажил хамгаалах оюутны хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.5 ба түүнээс дээш байх
  • төгсөлтийн шалгалт өгөх оюутны хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх
  • оюутан тусгайлан тэмдэглэсэн од бүхий хичээл дээр “С” ба түүнээс дээш
үнэлгээ авсан байх
3.3.      Сургалтын Бодлого Зохицуулалтын Газраас дипломын хавсралтанд бичигдэх дүнгийн тулгалт баталгаажуулагдсаны дараа тухайн оюутны нэрийг “Дипломын ажлын сэдэв, удирдагчийг батлах тухай” Ректорын тушаалд оруулна. Дүн тулгалт оюутны төгсөх улирлын өмнөх улиралд хийгдсэн байна. Уг тушаалд нэр нь ороогүй оюутан хамгаалалтанд орохгүй. Ректорын тушаалд нэр нь орсон төгсөгч оюутнаас диплом, дипломын хавсралтын үнэт цаас, дипломын хавтасны үнийг хураан авч хамгаалалтааас 2 сарын өмнө Үнэт цаасны үйлдвэрт захиална.
3.4.      Дипломын төсөл, ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар батлагдсан Төгсөлтийн салбар комиссууд удирдан явуулна. Уг салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.
3.5.      Төгсөлтийн салбар комиссын дарга нь ШУТИС-д үндсэн орон тоон дээр ажилладаггүй, гадны байгууллагын хүн байх ба комиссын нийт бүрэлдэхүүний 30–аас багагүй хувь нь гадны гишүүдээс бүрдсэн байна.
3.6.      Төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажил хамгаалалтын явагдах хугацааг ШУТИС-ийн хэмжээнд тухайн хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусган өгнө.
Бакалаврын түвшний сургалтын үйл явцын эцсийн үе шат нь төгсөх оюутан дипломын төсөл, ажлыг гүйцэтгэж хамгаалах, төгсөлтийн шалгалтыг өгөх явдал юм.
Дөрөв. Дипломын төсөл, ажил түүнд өгөх үнэлгээ
4.1.      Удирдагч багшийн үнэлгээ. Багшийн үнэлгээний хамгийн их оноо 50 байх бөгөөд ямар шалгуураар төгсөх оюутны дипломын төсөл, ажлыг үнэлэхээ багш бүр тодорхойлж, профессорын баг дээр зөвшилцсөн байна Удирдагч багш урьдчилсан хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө төгсөх оюутны үнэлгээг, тодорхойлолтын хамт Дипломын төсөл, ажил хамгаалалтын салбар комиссын нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
4.2.      Урьдчилсан хамгаалалт. Урьдчилсан хамгаалалтыг холбогдох профессорын баг, салбар комиссын нарийн бичгийн дарга нар хариуцан зохион байгуулж, дипломын төсөл, ажлын хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө зарлан хуралдуулна. Урьдчилсан хамгаалалтаар төгсөх оюутанд олгох оноо нь ±20 хүртэл байх бөгөөд ажлын гүйцэтгэл, хамгаалсан байдлаас шалтгаалан удирдагч багшийн үнэлгээг бууруулж болно.
4.3.      Удирдагчийн болон урьдчилсан хамгаалалтын дүнгийн нийлбэрийг төгсөх оюутны дипломын төсөл, ажил хамгаалалтын урьдчилсан дүн гэнэ. Энэ үед мөн төгсөх оюутны дипломын төсөл, ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үзвэл “SP”, “NP” тэмдэглэгээ тавьж болно.
“SP”   Satisfactory progress
Оюутны дипломын төсөл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гүйцэтгэл дутуу хэдий ч (75 хувиас дээш тохиолдолд) цаашид бие даан ажиллаж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж удирдагч багш үзэж зөвшөөрвөл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “SP” тэмдэглэгээг тавьж болно. Энэ тохиолдолд оюутны дипломын төсөл, ажлын сэдэв болон удирдагч багшийг өөрчлөхгүйгээр нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаа олгосноор хамгаалтанд орох эрх олгогдож байгаа юм.
“NP” No Progress
Оюутны дипломын төсөл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гүйцэтгэл дутуу (75 хувиас доош тохиолдолд) удирдагч багш нь оюутнаа цаашид энэ ажлыг дуусгах чадваргүй гэж дүгнэвэл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “NP” тэмдэглэгээг тавих болно. Энэ тохиолдолд оюутан дахин төгсөгч оюутнаар бүртгүүлэх бөгөөд энэ үед оюутны дипломын төсөл, ажлын сэдэв болон удирдагч багш өөрчлөгдөж болно.
Тав. Дипломын төсөл, ажлын хамгаалалт
5.1.      Бакалаврын төгсөлтийн ажил бүрт албан ёсны зөвлөгч 2 багшийг Ректорын тушаалаар томилно. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан өөрийн сургуулийн аль ч багшаас зөвлөлгөө авах эрхтэй.
5.2.      Бакалаврын дипломын төсөл, ажилд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шүүмж авч болно.
5.3.      Төгсөх оюутан нь дипломын төсөл, ажлаа хамгаалахдаа 10 минутанд багтаан илтгэлээ тавих бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга удирдагч багшийн тодорхойлолтыг уншиж танилцуулна. Комиссын гишүүд дипломын төсөл, ажлын болон төгсөж буй оюутны суралцсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд асуулт тавьж хариулт авна.
Дипломын ажил, төсөл хамгаалалтын үед хамгаалж байгаа оюутнуудын сурлагын дүнгийн баталгаажуулсан дэлгэрэнгүй жагсаалтыг Сургалтын албанаас гаргаж комиссын өмнө тавьсан байна.
5.4.      Салбар комисс төгсөж буй оюутны илтгэл, асуултанд хариулсан байдал, шүүмж, удирдагч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэн, дипломын төсөл, ажлын хамгаалалтын дүнг ±30 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын урьдчилсан дүнг бууруулж болно.
5.5.      Салбар комисс төгсөх оюутан бүрээр дипломын төсөл, ажлын эцсийн дүнг гаргаж, протокол хөтөлнө.
Зургаа. Төгсөлтийн шалгалт
6.1.      Төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийн агуулгын хүрээнд бэлтгэсэн иж бүрэн тест болон аман ярилцлага хосолсон хэлбэрээр явуулна. Зөвхөн тодорхой хичээлийн агуулгын хүрээнд бэлтгэсэн материалаар төгсөлтийн шалгалт явуулахыг хориглоно.
6.2.      Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа тухайн оюутны хувьд нийт 3 цаг хүртэл байна.
6.3.      Төгсөлтийн салбар комисс төгсөх оюутан бүрээр төгсөлтийн шалгалтын эцсийн дүнг гаргаж, протокол хөтөлнө. Төгсөлтийн шалгалт өгсөн оюутны мэдлэгийг 100 оноонд харгалзах үсгэн үнэлгээгээр үнэлнэ.
  1. Иж бүрэн тестийн үнэлгээ 60 онооноос хэтрэхгүй байна.
  2. Амаар авах шалгалтыг 40-өөс хэтрэхгүй оноогоор үнэлэх бөгөөд төгсөх оюутны хариултыг ямар шалгуураар үнэлэхээ багш бүр тодорхойлж, профессорын баг дээр зөвшилцсөн байна
6.4.      Мэргэжлийн дипломтой төгсөх оюутан нь тодорхой мэргэшүүлэх 1-2 хичээлийн агуулгын хүрээнд зөвхөн төгсөлтийн шалгалт өгнө.
6.5.      Төгсөлтийн шалгалтын иж бүрэн тест нь бүрэлдэхүүн, харъяа сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажна.
Долоо. Диплом олголт
7.1.      Төгсөх оюутан дипломын төсөл, ажил болон төгсөлтийн шалгалтыг “С” ба түүнээс дээш дүнтэйгээр хамгаалах, өгөх үүрэгтэй. Дипломын төсөл, ажлаа амжилтгүй хамгаалсан болон төгсөлтийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн оюутнуудыг тодорхой хугацаагаар хойшлуулах ба уг хугацааг төгсөлтийн салбар комисоос тогтоон, энэ тухай тогтоолд тусгана.
7.2.      Төгсөлтийн салбар комисс дипломын төсөл, ажил болон төгсөлтийн шалгалтыг амжилттай хамгаалсан, өгсөн оюутнуудын хамгаалалтын дүнг баталсан шийдвэр ба төгсөгчдөд тодорхой мэргэжлээр мэргэжлийн ба бакалаврын зэрэг бүхий диплом олгох тухай тогтоол гаргана.
7.3.      Бүрэлдэхүүн сургуулиудын төгсөлтийн салбар комиссын тогтоолыг үндэслэн, нэр бүхий төгсөх оюутанд ШУТИС-ийн Ректорын тушаалаар тодорхой мэргэжлээр мэргэжлийн ба бакалаврын зэрэг бүхий дипломыг олгоно.
Манай төгсөгчид сэтгэн бодож, оновчтой шийдвэр гаргах чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан байна.
Монгол Улсын ШУТИС-ийн эрхэм зорилгоос

Monday, February 7, 2011

КТМС-ИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН

Энэ сарын 24-ий Пүрэв гарагт 12:00 - 16:00 цагийн хооронд КТМС-ийн биеийн тамирын зааланд КТХ профессорын багийн мэргэжил сурталчилах үзэсгэлэн болно. Оролцох оюутнууд 2-р сарын 11-ээс өмнө Д.Амарсанаад бүртгүүлнэ үү.